ОУВС: УЛС ОРНУУДЫН ӨСӨЛТ ХАРЬЦАНГУЙ БАЙГАА НЬ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ УДААШРУУЛНА

Дэлхийн эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд хамгийн хурдтайгаар өсөхөөр байна. Хэдий тийм боловч цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэхэд улс орнуудын өсөлт харилцан адилгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм.
АНУ цар тахлын үед эдийн засгийг дэмжих 1.9 их наяд ам.долларын нэмэлт төсөв батлаад байна. Хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт тооцоолсноос давж, эерэг гарчээ. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засаг цар тахлын хямралаас сэргэж эхлээд байна.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева "Эдийн засгийн төлөв эерэг байгаа ч улс орнуудын өсөлт эрс ялгаатай байна" гэж мэдэгдсэн юм. Мөн "Вакцины хүртээмж харилцан адилгүй, маш олон хүн ажлын байраа алдаж, ядуурал нэмэгдсээр байгаа" гэдгийг онцолжээ. Үр дүнд нь цар тахлын нөлөөнөөс бүрэн ангижирч, АНУ, БНХАУ-ын түвшинд хүрэхийн тулд зарим улсад хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэж тооцоолоод байгаа юм.
2024 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн цар тахлын өмнөх тооцооллоос гурван хувиар доогуур байхаар байгаа аж. Энэ үзүүлэлт бага гарахад аялал жуулчлал, үйлчилгээний салбарт тулгуурласан эдийн засагтай орнууд нөлөөлөхөөр байгааг Олон Улсын Валютын Сан анхааруулж байна.
“Bloomberg Economics”-ийн тооцооллоор 2021 оны эхний улиралд дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өндөр байгаа юм. АНУ-ын эдийн засаг өссөн бол Франц, Герман, Итали, Их Британи, Японых агшсан байна. Харин Бразил, ОХУ, БНЭУ зэрэг хөгжиж буй зах зээлийн өсөлт БНХАУ-ын түвшинд хүрэхгүй байгаа юм.
эх сурвалж;bloombergtvmongolia.com