“AIRBNB” 2020 ОНЫ IV УЛИРАЛД 859 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТТАЙ АЖИЛЛАЖЭЭ

“Airbnb” компани 2020 оны IV улиралд 859 сая ам.долларын борлуулалттай ажилласнаа тайлагналаа. Энэ нь шинжээчдийн таамгаас 120 сая ам.доллароор давсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурсан дүн болж байна.
Зул сарын баярын амралтаар жуулчдын тоо өсөж, түрээсийн сууцны эрэлт өссөнөөр борлуулалт нь бага зэрэг нэмэгджээ. Хэдий тийм боловч 2020 онд нийт захиалгын тоо 39 хувиар буурсан аж. Энэ нь цар тахал аялал, жуулчлалын салбарт хамгийн хүчтэй нөлөөлснийг илтгэн харуулж байна. Тус компани 2021 оны төлөвөө танилцуулаагүй ч ирэх намраас үйл ажиллагаа нь тогтворжино гэж харж байгаа юм байна.
“Аirbnb”-ийн Гүйцэтгэх захирал Брайан Чески
“Манай бизнес модель ямар ч нөхцөлд дасан зохицох боломжтой байгаа нь борлуулалт өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл. Бид дэлхийн өнцөг булан бүрд, хэдэн зуун мянган хотод үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр аялал, жуулчлалын салбар, аяллын хэв маяг яаж ч өөрчлөгдсөн бид үүнд дасан зохицож чадна. Хүмүүсийн хүсэж байгаа аяллын хэв маяг нь ойр зайд автомашинаар явж, аль болох олон цагийг өнгөрөөх. Хэрэглэгчид бидэнд аяллаар явахыг ямар их хүсэж байгаагаа хэлдэг. Хэдий тийм боловч тэдний хүсэж буй аялал нь бизнес аялал ердөө ч биш.
Харин гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрөөхийг хүсдэг. Манай бизнес модель үүнд тохирч байгаа тул борлуулалт сэргэсэн гэж бодож байна. Аялал, жуулчлалын салбар удахгүй сэргэнэ гэж харж байна. Гэхдээ бизнес аялал хурдтай сэргэх төлөв харагдахгүй байна. Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар чөлөөт аялал хийх сонирхол давамгай байсан” гэж мэдэгдлээ.
эх сурвалж;bloombergtvmongolia.com
Нийтэлсэн өдөр: 2021-02-26