ГЕГ: I-X САРД ТӨМРИЙН ХҮДЭР, ЗЭС, ЦАЙРЫН БАЯЖМАЛЫГ 100 ХУВЬ БНХАУ-Д ЭКСПОРТОЛСОН
Монгол Улс төмрийн хүдэр, зэсийн болон цайрын баяжмалаа 100 хувь БНХАУ-д экспортолсон байна. Зэсийн баяжмалын гол экспортлогч “Оюу Толгой” ХХК-ийн борлуулалт хэвийн, БНХАУ дахь худалдан авагч үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа хэвийн болгосны ачаар татан авалт сайн байгааг компани мэдээллээ.
Түүнчлэн цар тахлын эхний давлагааны үед буюу гуравдугаар сард огцом унаад байсан зэсийн ханш сэргэсэн байна. Олон улсын зах зээл дэх үнэ ханш таатай байгаа боловч хоёр дахь давлагаа гарч, дэлхийн эдийн засаг хямралаас бүрэн гараагүй байгааг анхаарах нь зүйтэй болохыг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэллээ.
Оны эхний 10 сард жоншны экспортын 76.2 хувийг БНХАУ-д, 23.5 хувийг ОХУ-д нийлүүлснийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөн БНСУ, Узбекстанд бага хэмжээгээр гаргасан байна. Монгол Улс жоншны нийлүүлэлтээр дэлхийд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч юм. Монгол Улсын жоншны экспортод металлургийн бүхэллэг жонш дийлэнх хувийг бүрдүүлдэг.
Харин сүүлийн хоёр жилд флотацийн баяжмал буюу баяжуулсан жоншны экспорт өсжээ. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингээсэн жоншны баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Жоншны экспортлогчдын хувьд Засгийн газраас тогтоож, татвар авдаг жишиг үнэ бодит гэрээний үнээс хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандсаар ирснийг Жоншны холбоо мэдээлж байлаа.
эх сурвалж;bloombergtvmongolia.com